НЯГТЛАН ШАЛГАЛТ ХИЙСЭН ҮНЭЛГЭЭЧДИЙН АНХААРАЛД!!! НШ-ЫН ТӨЛБӨРӨӨ ТӨЛӨӨГҮЙ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ЖАГСААЛТАА ИНСТИТУТЭД ЯАРАЛТАЙ ИРҮҮЛНЭ ҮҮ


 ҮОУС-ЫН КОНСУЛЫН УДИРДЛАГУУДТАЙ АЛБАН УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ


АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ


Үнэлгээний Олон Улсын Стандартын Консулын Гүйцэтгэх удирдлагатай хийсэн уулзалт, ярилцлага


Монголын Мэргэшсэн Үнэлгээчдийн Институт (ММҮИ) нь Монгол улсын нутаг дэвсгэрт хөрөнгийн үнэлгээчдийг нэгтгэсэн, Монгол улсын Хөрөнгийн Үнэлгээний тухай хуулийн дагуу хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагааг Төрийн зарим чиг үүргийг сонгон шалгаруулалтын дүнд хэрэгжүүлэгч Мэргэжлийн байгууллага юм.

ММҮИ нь Олон улсад хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагад тавигддаг шаардлагыг хангасны үндсэн дээр 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Үнэлгээний Олон Улсын Хорооны албан ёсны гишүүн байгууллага болж, ҮОУСК-аас дэлхийн олон оронд түгээж буй үнэлгээний стандарт, үнэлгээний арга зүйн болон техникийн бичиг баримтыг албан ёсны зөвшөөрөлтэйгээр орчуулах, Монгол улсад нэвтрүүлэх үйл ажиллагааг явуулж ирсэн.

Консулын албан ёсны гишүүн болсноос хойш түүний удирдлагуудтай хийх анхны уулзалтыг 2019 оны 5-р сарын 20-ны өдрийн 14.00-15.30 цагийн хооронд Лондон хотын төвд орших Үнэлгээний Олон Улсын Стандартын Консул (IVSC)-ын төв байранд айлчлан очиж хийлээ.

Уг уулзалтад ММҮИ-ийг төлөөлж тэргүүлэх үнэлгээчин Л.Мөнх-Очир, орчуулагч Г.Энхээ (Birmingham хотод оршин суугаа МУИС-ийн төгсөгч, АССА), Консулыг төлөөлж тус консулын гүйцэтгэх захирал Nick Talbot, гадаад харилцаа хариуцсан захирал Richard Stokes нар оролцлоо.

Уулзалтын эхэнд ММҮИ-ийн удирдлагуудын мэндийг дамжуулж, олон улсын энэ байгууллагын гишүүнчлэлээр элсэхэд дэмжлэг үзүүлсэн явдалд талархаж байдгийг илэрхийлээд ММҮИ-ийн бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааг товч танилцуулан, ММҮИ-ийн удирдлагаас өгсөн дараах чиглэлийн дагуу ярилцан, санал солилцсон юм.

1. IVSC-аас гишүүн улс оронтой хамтран ажилладаг чиглэл, үзүүлдэг үйлчилгээний талаар
- Манай байгууллага улс орнуудын гишүүн үнэлгээний байгууллагуудад партнерийн гэрээг санал болгодог. Ямар нэгэн зөвлөгөө хэрэгтэй үед бид зөвлөгч гаргаж тусалдаг. Одоогийн байдлаар 8-9 байгууллагатай ийм байлаар ажиллаж байна. Шинэ, хуучин гэж харгалзан үздэггүй. Тухайлбал АНУ, Гонконгтой бид ийм гэрээтэй ажилладаг. Мөн тэднийг гарын авлагаар хангадаг. Тасралтгүй сургалтын ном, материалаар хангадаг, сургалтанд тусалдаг. Би эхлээд нэг улсын үнэлгээний байгууллагыг Монголтой энэ талаар харьц гээд оноож өгье. Энэ тухай майлээр бичнэ тэгээд тэр байгууллагатай мөн майлээр харилцаад энэ гэрээг хийж болно. Тэгэхдээ тодорхой шаардлагууд байгаа. Өөр хөнгөлөлт үзүүлэх хэмжээний үйлчилгээ байхгүй.

2. IVSC-аас тодорхой сургалт авах боломж (тухайлбал ҮОУС-ын хэрэглээ г.м)
- Манай консул тухайн улс оронд очиж сургалт явуулдаггүй. Энэ нь тухайн орны үнэлгээний байгууллагууд төлбөртэй сургалт явуулдаг учраас тэдэнтэй өрсөлдсөн хэрэг болно гэж үздэг. Үүний оронд бид сургалтын материал явуулж болно. Одоогоор үүнийг боловсруулж байгаа энэ оны эцсээр дуусгах бодолтой байна. Үүний дараа өгөх болно.

3. IVSC-аас түр хугацаагаар зөвлөгч авах талаар
- Бид жижиг учир ийм үйл ажиллагаа явуулдаггүй. Банк гэх мэт томоохон үнэлгээний байгууллагаар зөвлөгөө өгүүлж болно. Гэхдээ их үнэтэй. Та нарт санхүүгийн ийм боломж байгаа юу? Мөн үнэлгээний зөвлөгөө өгдөг консалтингийн байгууллагатай холбож өгч болно. Бас л их үнэтэй. Бусад оронд энэ зөвлөгөөг Дэлхийн банкны санхүүжилт ашиглаад авч байсан тохиолдол цөөнгүй бий. Үүнийг та нар хөөцөлдөж олж авах боломж бий гэж бодож байна.
- Энэ зөвлөгчийг гаргаж өгөхөд бидний зүгээс хүндрэлтэй. Энэ оны 10-р сарын 7-9-ны хооронд Сингапурт Үнэлгээний Олон улсын хурал болно. Та нар тэр хуралд оролцоод, бусад улсуудын үнэлгээний байгууллагуудтай холбоо тогтоож хамтран ажиллаж болно.
- Гишүүн байгууллага, хүмүүст зориулсан сайт бий. Энд үнэлгээний туршлага хуваалцан санал солилцох боломж бий. Хүмүүс өөрсдийн үнэлгээний туршлагаа бичсэн байдаг. Мөн өөр боломж бол Голландын нэг профессор улс орнуудын үнэлгээний байгууллагуудад туслахыг хүссэн. Үнэ хөлс авахгүй гэсэн. Харин унаа буудал, хоолны зардлыг тухайн улс хариуцах хэрэгтэй. Энэ хүнээс бид асууя тэгээд та нарт майл явуулж болно.

4. Олон улсын эрхтэй үнэлгээчин гэж байдаг уу? Байдаг бол хаанаас, хэн эрхийг олгодог вэ?
- Манай байгууллага үнэлгээний эрх олгодоггүй. Бид бол хамтран ажилладаг байгууллага. Дэлхийн 103 орны үнэлгээчдэд үнэлгээ хийх эрх олгосон олон улсын байгууллага байна. Энэ бол RICS. Гэхдээ тухайн орны эрх зүйн зохицуулалтаар юу гэж заасан байна түүний дагуу явах ёстой. (тухайн улсын эрх зүйн асуудлаар шалгалт өгч тэнцвэл тухайн оронд үнэлгээ хийх эрх олгоно гэж заасан бол түүнийг л мөрдөнө гэж ойлгосон). Тухайн орны эрх зүйн зохицуулалт чухал.
- Бид улс орны гишүүн байгууллагын мэдээллээр сан байгуулж байгаа. Энэ нь тухайн улсад олон улсын түвшинд үнэлгээ хийх чадавхитай ямар компаниуд байгаа талаар нэрсийг авч сайтанд байршуулна. Түүнийг бүх улс үзэж тухайн орны үнэлгээний байгууллагыг сонгох боломжтой болох юм. Гэхдээ тэд ямар стандарт мөрдөж байгаа талаараа мэдээлэл ирүүлэх ёстой. Танайд ийм хүсэлт явуулсан хариу өгөөгүй байна. Үүнийг бид хийж байна. Бэлэн болсны дараа АНУ-ын компани үнэлгээ хийлгэхийн тулд Монголд энэ шаардлагыг хангасан ямар компани байгааг мэдэхийн тулд “Монгол” гэсэн товчлуур дархад Монголын ийм боломж бүхий үнэлгээний компаниудын нэр шууд гарах жишээтэй.
- Энэ нэрсийг 2 заагтай өгч болно. Нэг нь бүх улсын хэмжээнд үнэлгээ хийх боломжтой. Өөрөөр хэлбэл тухайн улс орнуудад мөрддөг бүх стандартын шаардлагын дагуу үнэлгээ хийх боломжтой, нөгөөх нь зөвхөн ОУ-ын стандартаар үнэлгээ хийх боломжтой гэж ялгаатай өгч болно.
- RICS-ийн тусгай зөвшөөрөл болон гишүүнчлэлтэй байгууллага улс орнуудад үнэлгээ хийж болохгүй гэж бид үзэхгүй. Гол нь танай улсын эрх зүйн зохицуулалтаар зөвшөөрөл олгох ёстой бол түүнийг авах нь зүйтэй байх.

5. Манай улсын үнэлгээчдийг Олон улсад хүлээн зөвшөөрүүлэхийн тулд сургалт, шалгалт нь ямар байдаг, ийм боломжтой эсэх талаар
- IVSC-аас гаргасан Стандартыг мөрдөн үнэлгээ хийнэ гэдэг нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үнэлгээ хийж байгаа явдал юм. Цаашид зөвлөгөө аван, суралцах, олон улсын эрх авахад дараах боломж байна.
- Гишүүдийн мэдээллийн нэгдсэн лавлах сайтаас Case study – стандартыг тодорхой кэйс дээр хэрхэн хэрэглэсэнийг уншиж, түүнээс суралцах боломжтой.
- Үнэлгээчдийг олон улсад хүлээн зөвшөөрүүлэх нэг үндсэн чиглэл бол RICS, FRICS, MRICS, CIEF байгууллагатай холбоо тогтоож тэдний гишүүнчлэлтэй болох явдал юм. Гэхдээ бүгдийнх нь гишүүнчлэлтэй болоход санхүүгийн хувьд төвөгтэй болов уу. Эдгээрээс RICS-тэй холбоо тогтоох нь зүгээр. Учир нь энэ байгууллага Консултай ойр холбоотой байдаг. Манай консулын удирдах зөвлөлийн дарга нь RICS-ийн удирдах ажилтан байдаг төдийгүй манай үйл ажиллагааны санхүүжилтийн 50,0 хувийг RICS санхүүжүүлж байдаг.

6. RICS, FRICS, MRICS, CIEF эрхийг манай улсын үнэлгээчдэд хялбаршуулсан байдлаар олгох боломжийн талаар
- RICS 103 орныг өөртөө нэгтгэсэн үнэлгээний байгууллага. Маш их нэр төртэй, сайн ажилладаг байгууллага. Сургалт явуулж, 103 оронд эрх олгодог. Тэдэнтэй давхар гишүүнчлэлтэй болох бүрэн боломжтой. IVSC RICS хоёр 50/50 хувиар санхүүжүүлдэг нэг ажилтан бий. Түүнтэй холбож өгч энэ гишүүнчлэлийг эхлүүлж өгч болно.
- 2019 оны 10 сарын 7-9-нд IVSC-ийн бүх нийтийн ээлжит хурал Сингапур улсад болно гэдгийг дээр дурьдсан. 150 төлөөлөгч ирэх энэ хуралд үнэлгээ хөгжсөн улс орноос оролцох учир танай улсын мэргэжлийн байгууллагаас төлөөлөгч ирж туршлага солилцох боломжтой. Мөн сургалт болон эрх олгох асуудлыг ярилцах боломжтой.

7. Бидний нэмж асуусан болон тэдний ярьж зөвлөсөн асуудлууд
- TIP1 - Discounted Cash Flow, TIP4 – Valuation Uncertainty, Establishing and Developing a Valuation Professional Organisation баримт бичгүүдийг цаасаар өгөх боломжгүй. Харин хуучин файл байгаа үүнийг авч болно энэ талаар сануулж майл бичээрэй гэсэн. Энэ баримт бичгүүдийг хугацаа дууссан ч хэрэглэж болно. Бид үүнийг шинэчлэн хэвлэхээ болиод оронд нь холбогдох өгүүллүүд хэвлээд тараадаг. Үүнийг сар бүрийн сэтгүүлд хэвлээд гаргадаг. Энэ хэвлэл 127 орны бүртгэлтэй 1400 орчим үнэлгээчинд хүрдэг.
- Танайд зарим их сургуулийн мэргэжлийн ангид үнэлгээний хичээл орохоос гадна МУИС-ийн Бизнесийн сургуулийн НББ-ийн тэнхим Хөрөнгийн үнэлгээгээр төгсөлтийн дараах сургалтын хөтөлбөр шинээр нээж магистр бэлтгэдэг нь их сонирхол татаж байна. Энэ асуудал, мөн Монголын үнэлгээний хөгжлийн асуудлаар таны өгсөн ярилцлагаар 2 өгүүлэл сэтгүүлдээ нийтлүүлнэ. Бид асуулт явуулна. Та нар энэ талаар биднээс майл-ээр лавлаарай гэсэн.

Уулзалтын төгсгөлд Консулын удирдлагыг Монголд айлчилж, манай үйл ажиллагаатай танилцахыг урьж гарын бэлгийг хүлээлгэн өгсөн бөгөөд маш их баяртайгаар урилгыг хүлээн авч манай байгууллагаас өгсөн “Цонжин болдог” сувенирыг зааж үүнийг бид телевизээр харсан энэ Улаанбаатараас хэр зэрэг хол байдаг талаар асууж, ярилцан уулзалт маш халуун дотно болсон юм.

Уулзалтын тэмдэглэл хөтөлсөн ММҮИ-ийн 2 дахь Тэргүүн, Тэргүүлэх үнэлгээчин Л.Мөнх-очир

ҮОУС-ЫН КОНСУЛЫН УДИРДЛАГУУДТАЙ АЛБАН УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ


ҮОУС-ЫН КОНСУЛЫН УДИРДЛАГУУДТАЙ АЛБАН УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ