ҮНЭЛГЭЭЧДИЙН АНХААРАЛД!!! Ажлын тайлан, ёс зүйн тайлангаа 2 сарын 10-ны дотор ирүүлнэ үү


 ИНСТИТУТИЙН ЖИЛИЙН ТАЙЛАН ХЭВЛЭГДЭН ГАРЛАА


ИНСТИТУТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖИЛИЙН ТАЙЛАН

Эрхэм хүндэт Үнэлгээчид, Институтийн гишүүдээ !!!

Өнгөрсөн 2018 он манай гишүүн үнэлгээчдийн хувьд ололт, амжилт бас сорилттой жил байсан гэдэгт эргэлзэхгүй байна. 2018 онд Монголын Мэргэшсэн Үнэлгээчдийн бүх гишүүдийн ээлжит 3 дугаар хурал хуралдаж, 2018-2022 онд мэргэжлийн байгууллагыг удирдан чиглүүлэх Удирдах Зөвлөлийн бүрэлдэхүүн шинээр сонгогдлоо.

Үнэлгээчид бидний ажил мэргэжлийн харилцааг зохицуулдаг Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажил дээр бараг жилийн турш хэлэлцүүлэг өрнүүлж, олон улсын зөвлөхтэй хамтран ажиллаж, үнэлгээчид дотроо ч нээлттэй санал солилцлоо. Төрийн захиргааны төв байгууллагын зүгээс ч үнэлгээний үйл ажиллагаанд хандах хандлагаа өөрчилж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд ахиц дэвшил авчирсан нэгэн бүтээлч он байлаа гэж дүгнэж байна.

2017 оны сүүлчээс эхлэн Монгол улсын эдийн засагт өсөлт гарч, бизнес эрхлэгчид хөрөнгийн зах зээлд гарах сонирхол нэмэгдэж, 2017 оны төгсгөлд болон 2018 оны туршид 10 орчим компани шинээр хувьцаа, бонд гаргаж, энэ хэрээр үнэлгээчдийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж, мэргэжлийн хөгжилд түлхэц үзүүлэхийн хамт, мэргэжлийн шийдэл гаргахтай холбоотой томоохон сорилт тулгарсан жилүүд байсан.

2019 оны эхээр 2-3 компани шинээр хувьцаа гаргах бэлтгэлээ базааж, олон нийтэд танилцуулгаа хийж эхлээд байна. Мөн 2018-2019 оны зааг дээр манай үнэлгээчид төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж байгууллагын үндсэн хөрөнгийн дахин үнэлгээний ажилд нягтлан шалгалт хийх, зарим байгууллагад үнэлгээ хийхэд туслах ажил ид өрнөж, завгүй ажилласаар байна.

Ийнхүү ажил амьдрал өрнөсөн нэгэн жилийн тайланг бүх гишүүддээ танилцуулж байгаа мөчид та бүхэндээ мэндчилж байгаадаа баяртай байна.

Монголын Мэргэшсэн Үнэлгээчдийн Институтийн жилийн тайлантай танилцаж, ирээдүйд хийх ажлуудад идэвхтэй оролцохыг нийт үнэлгээчидээ уриалахын хамт, ёсзүйгээ дээдлэн сахиж, мэдлэг, ур чадвараа улам хөгжүүлэн, үнэлгээний туршлагаа арвижуулж, харилцагчиддаа хамгийн өндөр чанартай мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх замаар өөрийн мэргэжил болон мэргэжлийн байгууллагын хөгжилд үнэ цэнэ нэмсэн бодитой, хараат бус, хүчирхэг үнэлгээний салбарыг цогцлоон хөгжүүлэхэд жинтэй хувь нэмрээ оруулахыг нийт гишүүд, институтийн удирдах зөвлөлийн нэрийн өмнөөс хүсэн мэндчилж байна.

Хүндэтгэсэн,
Г.БАЯНМӨНХ
МОНГОЛЫН МЭРГЭШСЭН ҮНЭЛГЭЭЧДИЙН ИНСТИТУТИЙН ТЭРГҮҮН


ИНСТИТУТИЙН ЖИЛИЙН ТАЙЛАН ХЭВЛЭГДЭН ГАРЛАА