ҮНЭЛГЭЭЧИН, ҮНЭЛГЭЭНИЙ КОМПАНИУДЫН АНХААРАЛД!!! МЭДЭЭЛЛЙН САНД МАТЕРИАЛАА 9-Р САРЫН 17-НЫ ӨМНӨ ИРҮҮЛНЭ ҮҮ


 ММҮИ БАЙГУУЛАГДСАН ӨДРИЙН МЭНДИЙГ ХҮРГЭЕ


МОНГОЛЫН МЭРГЭШСЭН ҮНЭЛГЭЭЧДИЙН ИНСТИТУТ БАЙГУУЛАГДСАН ӨДРИЙН МЭНДИЙГ ХҮРГЭЕ

Монгол улсад 1997 онд хөрөнгийн үнэлгээчид “Монголын мэргэшсэн үнэлгээчдийн холбоо" байгуулсан нь хөрөнгийн үнэлгээний төрийн бус байгууллага үүсэх үндэс суурь болж байсан ч нэг жил гаруй хугацаанд идэвхитэй үйл ажиллагаа явуулаад, тухайн үеийн хууль эрх зүйн нөхцөл байдлаас шалтгаалан үйл ажиллагаа нь зогсонги байдалд орж байв.

2001 оноос үнэлгээчдийн дунд үнэлгээний бие даасан төрийн бус байгууллага байгуулах тухай санал санаачлага гарч, хэлэлцүүлэг өрнүүлж, үүсгэн байгуулагчид байгууллагынхаа дүрмийн төсөл боловсруулж, улмаар 2001 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар 13 зүйл бүхий дүрмээ хэлэлцүүлэн батлуулж, байгууллагынхаа нэрийг Монголын мэргэшсэн үнэлгээчдийн “МОНМҮН” нийгэмлэг хэмээн нэрийдэхээр санал нэгтэй тогтож, үйл ажиллагаагаа эхлүүлж байсан.

Түүнчлэн 2002 онд үнэлгээний компаниудын консорциум, 2004 онд Барилгын төсөвчин үнэлгээчдийн холбоо, 2006 онд ХҮМҮН нийгэмлэгүүд үнэлгээчдийн санаачлагаар байгуулагдаж байв.

2010 оны 1 дүгээр сард Хөрөнгийн үнэлгээний тухай хууль батлагдсаны дараа эдгээр нийгэмлэгүүд нэгдэн Монголын Мэргэшсэн Үнэлгээчдийн Институтыг байгуулах болсноор, анхдугаар хурлаа зохион байгуулж, институтын дүрмийг бүх гишүүдийн хурлаараа хэлэлцэн батлаж, улсын бүртгэлд Хөрөнгийн үнэлгээний Мэргэжлийн Байгууллага хэмээн бүртгүүлсэн 2010 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр юм.

Өнгөрсөн хугацаанд явуулсан хамтын хичээл зүтгэлээ олон улсад үнэлүүлэн 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Үнэлгээний Олон Улсын Консулын албан ёсны гишүүн болсныг хамтран ажил хэрэгч байдлаар тэмдэглэн өнгөрүүлж байсныг бид бүгд санаж байгаа билээ.

Ийнхүү Хөрөнгийн үнэлгээний Мэргэжлийн байгууллага байгуулагдсан түүхэн өдрийг тохиолдуулан Үнэлгээний салбарынхаа хөгжил, цэцэглэлтийн төлөө хичээл зүтгэл гарган мөр зэрэгцэн ажиллаж, хөдөлмөрлөж буй тэргүүлэх үнэлгээчид, мэргэшсэн үнэлгээчид, үнэлгээчдийн туслахууд, гишүүн үнэлгээний компаниуд, үнэлгээний чиглэлээр сургалт явуулж буй Их, дээд сургуулиудын багш нар, хамтран ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагууд, гадаадын мэргэжлийн байгууллагууддаа “Үнэлгээчдийн өдөр”-ийн мэндийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.

Цаашдынх нь ажил үйлсэд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Та бүхнийхээ үнэлгээний салбарынхаа хөгжлийн төлөө зориулж буй сэтгэл оюун, үнэтэй зөвлөгөө бүрийг сонсож, Мэргэжлийн байгууллагаа хөгжүүлэх, бэхжүүлэх үйлсэд харамгүй зориулах болно.

ММҮИ-ийн Удирдах Зөвлөл, ММҮИ-ийн ажлын алба

ММҮИ БАЙГУУЛАГДСАН ӨДРИЙН МЭНДИЙГ ХҮРГЭЕ